Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

1.ЦАГААН СУВАРГА

2017-12-03

Өлзийт сумын нутагт аймгийн төвөөс урагш 156 кмт байдаг. Өмнө талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны оройгоос зүүн тийшээхийг өчнөөн сая жилийн нар, хур, салхи, шуурга, ус борооны улмаас эвдэрч хэдэн арван метр гүнзгий мөргөцөг үүсгэжээ. Мөргөцөг рүү өнгийвөл ёроол нь харанхуйлсан өндөр шавар баганууд тэдгээрийн завсрын ангал, хонгил ямар нэг аварга амьтаны ам лугаа адил хүнхийнэ. Дороос нь өөдөө өлийхөд 90 градусын эгц чавчим олон салаа хана эрслэнэ. Алсаас харахад Цагаан суварга нь хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэнэ. Энэ газар эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтаны амьдарч байсан өлгий нутаг гэдэг нь батлагдсаар байна. Энэ хөндийд дов, сондуул, дэрс, бударгана элбэгээс гадна багалуур, таана гэх мэт говийн бусад ургамал ургадаг. 2014 онд Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Цагаан суваргыг Дундговь аймгийн есөн гайхамшигийн нэг шалгаруулсан.

Дундговь аймгийн Өпзийт сумын нутагт Цагаан Суваргаас 4 км орчим зайд бий. Түүний ойропцоо нэгэн агуй байдаг. Уг агуйг Хэвтээ Босоогийн агуй гэж нэрлэх бөгөөд Монгоп оронд мэдэгдээд буй элэгдэп эвдрэлийн гараптай агуйнуудаас хамгийн том юм.

Уг агуй нь наанги шаварт уруйн усны эпэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг бөгөөд Э. Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт. 204 м/кв талбайтай томоохон агуй юм.

Хэвтээ Босоогийн агуйг Цагаан Суварга руу явж байгаа хүмүүс их очиж үздэг бөгөөд Цагаан Суварга гэр баазын чанх ард байрлана. агуй хүрсэн машин замтай. Агуй нь хоёр амтай. Хойд амаар нь орвол явган сууж явах боломжтой бөгөөд цааш явсаар их танхимд орно.

Их танхимд хүн босоороо чөлөөтэй явах боломжтой. Агуйд сарьсан багваахай олон тоогоор байлаа. Агуй нь үндсэн ганц хонгилтой бөгөөд салаа салбар байхгүй. Наанги шаварт усны элэгдлээр үүссэн тул тоосжилт ихтэй 6aiv*ar.GPS солибцоп: N44.5943°, Е 105.7921° д.т.дээш 1191 метрт оршино.


Их газрын чулуу нь Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт уртаараа 30 орчим, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, буруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц хадан тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм.

Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй, Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэтөвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц олонтой. Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн 40 гаруй агуйтай, хамгийн том нь 30 метр урт, 3,5 метр өргөн, 10 метр өндөр Тагтааны бааст хэмээх агуй юм. Хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна Ганга, Алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, тас, бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор зэрэг жигүүртэн, аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг 20 гаруй төрлийн ан амьтан амьдардаг.

Усанболор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азрага адуу өлхөн багтах зайтай Алдарт бөх Хур харцага амьдарч байсан гэхдомогт Хур харцагын таг юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоог тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгалтай.

Тус газар нутгийн өвөрмөц тогтоцыг ашиглан “Талын цуурай”, “Ичээнд нь”, “Бушхүүгийн үлгэр”, “Загийн алим”, “Тууврын замд” зэрэг киноны зураг авалтыг хийж байжээ.

2.ИХ ГАЗРЫН ЧУЛУУ

Их газрын чулууны ууланд байгалийн задгай театр байгуулж энд олон улсын болоод улс, бүсийн урлагын наадам зохион байгуулах, Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт XX зууны манлай эмэгтэй уртын дуучин Н. Норовбанзадад зориулж “Уяхан замбуу тивийн наран” гэрэлт хөшөөг бий болгосон.
2013 онд БОНХ сайдын тушаалаар Их газрын чулууны байглаийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Их газрын чулуунаа задгай театр байгуулагдсан.
Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметрт байрлажээ. 2006 болон 2013 онд Их газрын чулууны задгай театрт Олон улсын урлагийн наадмыг Дундговь аймаг 2 удаа амжилттай зохион байгуулаад байна.

“Уяхан Замбуу тивийн наран гэрэлт хөшөө”

Мөн 2006 онд тус театрын дэргэд зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож “Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

3.ӨӨШ МАНХАН

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг элсэн манхан. Өөш манхан нь баруунаас зүүн тийш бараг 2 км үе үе тасран үргэлжилсэн манхан бөгөөд баруун талын оройгоор эгц хаднууд цухуйж үзэгдэх нь сонирхолтой. Зүүн хэсгийн элс нь аажмаар намсаж бага зэрэг заган бүлгэмдэлд оршино. Өдрийн наранд халж элсэндээ дулааныг шингээх бөгөөд орой үдэш болтол халуун чанараа алддаггүй. Элсийг доош ухах тусам улам халуунаар төөнөдөг. Өөшийн нурууны орчимд аргаль угалз, янгир, хулан гэх мэт ховор зэрлэг амьтад амьдардаг. Манханаас урагш Цагаан суварга, Тагтааны агуй, Моринтолгойн цав, Загийн усны хоолой гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.

Өөш манханы дэргэд бөөрний сувилал ажилладаг. Эл элс нь бөөрний үрэвслээс гадна таван цулын дотор ба гадна хаван, үе мөчний янгинаа, хөл гар, нурууны татанга өвчин, биеийн гадуурхи элдэв тууралт зэргийг эмчилчихдэг “ид шидтэй” ажээ. Элсэн эмчилгээг нийтийн тооллын өмнөх үеэс эхтэй гэж үздэг бөгөөд ихэс дээдэс элсэн эмчилгээ хийлгэдэг байсан тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Өөш манханы элс эмчилгээний чанартайг нь 1978 онд нээж судалсан байна. Элсний ширхэг нь нарийн, эрдэс баялгийн олон бодис агуулдаг ажээ. Ус зэрэгт хайлчихдаг учраас барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна

 4.ДЭЛГЭРХАНГАЙ УУЛ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт эл сумын нэрээр нэрлэгдсэн сүрлэг том уул бий. Д.т.д 1920 метр өндөр. Эрт цагт Дэлгэрхангай уул нь Инэл хан гэдэг нэртэй байжээ. Инэл гэдэг нь “энгүй их, маш их, их юмны таг” гэсэн утгатай. Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог, эртний төрийн тахилгатай уул ажээ. Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Абтай сайн хан Далай ламаас Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга бүхий уул Инэл ханд “Уулсын хаан” буюу Дэлгэрхан (төвдөөр Даржаалба) цол зарлигаар олгож, төрийн их тахилга үйлддэг болгон Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Уулын орой дээр тавцан маягтай том талбай байдгийг “Алтан тэвш” гэдэг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20 метр урт бүдүүн том могой байдаг хэмээнэ. Тахилга үйлдэх үед баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хүний хувцас чимэг, суудал, ширээ зэргийг өргөдөг байсан тухай ёнзон хамба Дамцагдоржийн зохиосон “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга, тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг.

Дэлгэрхангай уулын энгэр талын жижиг салбар уул болох Тэвшийн Хөшөөтийн аманд нэгэн онцгой том булш бий. Түүнийг Чингис хааны онгон байж болох талтай хэмээн үзэх цөөн судлаачид байдаг. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр байх нэгэн цооног агуй нь доогуураа нөгөөх булштай холбогддог гэх яриа бий. Уулын ард Ногоон толгой хэмээх эрт цагаас тэнгэрт халигсдыг нутаглуулж ирсэн газар байх бөгөөд дээд хүмүүний шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг хороосон байж болох талтай хэмээн судлаачид үздэг. Тэвшийн булшнаас хойхно Хүрэн зараа хэмээх газарт үлдсэн хэд хэдэн том булшийг “бага хаадын булш” хэмээн үзжээ. Монгол ёсонд үр ач нарыг ихэс дээдсийн толгой талд оршуулдаг байна. Эл бүхнээс үзэхэд Дэлгэрхангай уул нь эзэн богд хааны онгон шүтээнийг агуулж байж болох талтай ажээ. Дэлгэрхангай уулыг 2011 онд улсын тусгай хамгаалалтанд байгалийн нөөц газрын ангилалаар авсан
5.ОНГИЙН ХИЙД

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг төвдөөр Гүнджамбаалин хийд гэдэг бөгөөд “хотол өглөгч” гэсэн утгатай ажээ. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Сайхан-Овоо уулын энгэрийн хад чулууг нямбайлан ухаж тэгшлээд, үелсэн өндөр довжоонууд байгуулан дээр нь өөр хоорондоо ижилгүй уран барилгуудыг цогцлуулж бүхэл бүтэн хот маягтай бүтээсэн боловч эдүгээ тэр бүхэн туурь болон үлджээ.

Эл хийдээс 15 км зайд, Онгийн голын эрэг дагуу Хошуу хурлын хийд хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ.

Онгийн хийдийн гол цогчин дуганы баруун талд том хөх тоосгон хашаатай Хутагт ламын хийд оршдог байсан бол зүүн талд нь 220 жилийн түүхтэй Хамба Данцагдоржийн хийд байжээ. Хутагт ламын хийдэд паалантай тоосго бүхий дээвэртэй есөн сүм, хүрд бүхий баруун ба зүүн суварга байжээ. Хамба Данцагдоржийн хийдэд уул өгсөөн барьсан 13 гоёмсог сүм байсан ул мөр үлджээ. Онгийн хийдийн овоон дээрх хавтгай чулуун дээр Цагаан шүхэрт бурханыг сийлж тавьсан байдаг. Эргэн тойрны ууланд тахилгатай овоо тав байдаг бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Хийдийн зүүн захад ходоодны рашаан байдгийг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр худаг байгуулжээ.

Эдүгээ туурины гол хэсэгт Зүүн гүдэнгийн дуган хэмээх сүмийг сэргээн байгуулжээ. Сүмд Бурхан багш, Арван хангал, сүмийн эзэн хамба Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха, Майдар, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон баримал дүрүүдийг залсан байдаг. Онгийн хийдийн туурины дэргэд гэр музейг 2001 онд байгуулжээ.

Эл музейд хамба Данцагдоржийн зохиосон 21 боть “Сүмбум” хэмээх судар, өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагайнамжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэл гэх мэт зүйлийг дэлгэн үзүүлжээ. 2011 онд Онгийн хийдийн баруун өмнө байрлах хадат ууланд лусын хаан Лүвэнжалбуу бурханы дүрийг баримлаар бүтээлгэн залжээ. 1.3 тонн жинтэй, 2 метр өндөр суугаа дүртэй бурханы баримал бөгөөд нутгийн иргэд Онги гол эргэн урсахыг хүсэж эл дүрийг бүтээлгэн залсан байна.

 6.БАГА ГАЗРЫН ЧУЛУУ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна.

Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.

Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.

Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг.  Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.

Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг.

Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.

Дээрх газрыг 2011 онд улсын тусгай хамгаалалтанд байгалийн дурсгалт газрын ангилалаар авсан.

 7.СҮМ ХӨХ БҮРД

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх Хөх бүрд хэмээх нуур. Нуурын дунд орших жижиг арал дээр чулуун цайзын туурь байдаг. XYI зууны үед Төвдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан гэх боловч барилгын оройг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдсэн учир дээвэргүй үлдсэн байна. Чулуун барилгын үлдэцийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр,  урт нь 25 метр, хананы зузаан нь 150 см юм. Дөрвөн хэсэг бүхий том цайз байсныг нутгийн ардууд чулуунаас нь буулгаж малын хашаа барьснаас үүдэн хэмжээ нь нэлээд багасчээ. Эл чулуун цайзад хэрэглэсэн чулууг өмнө зүгт 200 гаруй км алсаас тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Нуурын шавар нь сайн барьцалдуулах чанартай учир шаврыг барилгын ажилд ашиглажээ. Хөх бүрд нуурын усыг гурван горхи сэлбэж байсан боловч сүүлийн үед хур бороо багасч олон жилийн дараалсан халуунаас болж хоёр нь ширгэсэн тул усны төвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа юм. Нууранд ангир, галуу, хун, нугас зэрэг усны шувууд зусдаг байжээ. Хөх бүрд нуурын арал дээрхи чулуун цайзад хожим ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ.

8.ОНГИЙН ГОЛ

Хангайн нурууны зүүн өвөр хажуугийн далайн түвшнээс 2570 м өндөрт орших Ногоон нуураас эх авч Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Улаан нуурт цутгах 403м урт гол 54 км нь Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын нутгийг дамжина. Гандуу жил Дэлгэрхангай сумын нутаг дахь Хошуу хурлын хүрээ хавьд сэвсгэр хөрсөнд шургана.. Хуртайд усны түвшин дээшилж урсгалын хурд нэмэгдэж адагтаа хүрнэ. 11-р сард хөлдөж дараа жилийн 4-р сард гэснэ. Бараг харзлахгүй. Хөвөө гоьлдролын хөндийд дэрс харган элбэг бий. Усны химийн найралага нь Гидрокарбонатын бүлэгт бгатана. Говь руу очдог гуравхан голын нэг Онгийн гол Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн сумын нутгийг дамжин хүн, малын ундаа болсоор ирсэн.

9.ДЭЛ УУЛ

Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй дурсгалуудын нэг бол Дэл уулын цогцолбор дурсгал юм. Дэл уул нь Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.    Анх 1960 онд Монгол, Оросын эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлэн зарим нэг дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж байсан байна.  Үүнээс хойш хэд хэдэн эрдэмтэд очиж судалгаа шинжилгээ хийж байсан. Монгол улсын Засгийн газрын1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авагдсан мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин жагсаалтанд орж батлагдсан.

Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлагыг аймгийн Музейн хамт олон хийсэн байна. Монгол улсын түүх соёлын томоохонд тооцогддог дээрхи газрын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалж, үр хойчдоо үлдээх нь бидний үүрэг болоод байгаа юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%