2024-12-06
63
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгч, сумдын Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг арга хэмжээг улс даяар зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
2024 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох ахлагчтай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж аймаг сумдын ИТХ, төлөөлөгч, Засаг дарга, нарийн бичгийн дарга бөгөөд ЭБАТ-уудад сургалт зохион байгууллаа.
АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр", Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Ж.Мөнхжаргал "Нийтийн албан тушаалтнуудад зориулсан мэдээлэл", Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун "Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа", Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох "Авлигын гэмт хэрэг" сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун хэлсэн үгэндээ "Шинэ тутам сонгогдсон ИТХ-ын дарга, төлөөлөгчид, шинээр томилогдсон Засаг дарга нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит жишээ баримт дээр тайлбарласан, урьдчилан сэргийлсэн, сонирхолтой сургалт мэдээлэл боллоо" гэж сургалтыг дүгнэлээ.