Би Дундговь аймгийн АДКГЗ-д нэгдүгээр орлогч даргаар 1991 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс сонгогдон ажиллаж байхдаа ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж, түүний зохих заалтыг орон нутагт хэрэгжүүлэхэд гардан оролцсон хүмүүсийн нэг бөгөөд тус аймагт 1992 оны намар иргэд анх удаа шударга сонголтын зарчмаар төлөөлж ажиллах хүмүүсээр сонгож аймаг сумдын хурлаа байгуулж байсныг сайн мэдэх юм.
Аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор би, хөдөө аж ахуй эрхэлсэн орлогчоор Д.Жамцанхорол ажиллаж байсан. 1994 оноос аймгийн Засаг дарга Н.Чагнаад миний бие хүсэлт тавьж, аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 12 хүнээр цомотгох түүний дотор нэгдүгээр орлогчийн орон тоог хасаж нэг орлогчтой болгох үндэслэлийг танилцуулснаар зөвшөөрөгдөж 1995 оны 5 дугаар сарын 25-нд би ч ажлаа өгч хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж билээ.
Түүнээс хойш удалгүй Н.Чагнаа дарга, "Цахилгааны шугамын ажлын явц тун тааруу байна таныг хувийнхаа ажлын хажуугаар энэ ажлыг хариуцуулах саналтай байна" гэв тэгээд 1993 онд эхэлсэн Чойр-Мандалговийг өндөр хүчдэлийн шугамын ашиглалтанд оруулах хугацааг түргэтгэхэд удирдлага зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, яам, аймаг, холбогдох байгууллага, аж ахуйн цэгүүдийн энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулж зохицуулж байх үүрэгтэй аймгийн төлөөлөгчөөр 1995 оны 8 дугаар сарын 25-нд томилогдон ажиллаж, 1996 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чойр-Мандалговийн 177 км урт 220 киловаттын цахилгаан дамжуулах шугамыг дэд станцын хамт хүлээлгэн өгөхөд хувь нэмрээ оруулсандаа бахархаж явдаг билээ. Энэ баярт үйл явдлаас жил шахамын дараа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн дарга Н.Чагнаа хурлын нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьснаар 1997 оны 3 дугаар сарын 20-ноос аймгийн ИТХ-д нарийн бичгийн даргаар, 1998 оны 7 дугаар сарын 15-наас ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар 2000 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл ажилласан юм. Намайг хурлын даргаар сонгогдоход аймгийн Засаг даргаар Ш..Хүүхэнбаатар, орлогчоор М.Моёор нар ажиллаж байлаа.
Хурлын нарийн бичгийн дарга Ш.Төрбат, хурлын ажилтан болон санхүүч Ц.Сугар, Ц.Бямба-Очир нартай гар нийлэн хамтарч ажилласандаа би сэтгэл хангалуун явдаг бөгөөд тэр он жилүүдэд өөрөө удирдах ёс гэдэг шинэ ойлголт үндсэндээ эхлэлийн шатандаа эрэл хайгуулын шинжтэй, бэрхшээлтэй төдийгүй өвөрмөц сонирхолтой байсан. Өөрөөр хэлбэл Засаг дарга хэмээх хуулиар олгогдсон их эрх мэдэлтэй бие хүнтэй хэрхэн харилцах, хэн нэгнээ өөлж муулахад чиглэсэн утга учиргүй намчирхлын орчин, санхүүгийн дэндүү тарчиг байдал, аймгаас эхлээд баг хүртлэх засаг захиргаа хурлын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвшил харилцан уялдаа бүрхэг, хөдөө аж ахуйн нэгдэл, бусад аж ахуй болон төрийн бус байгууллагууд таран бутарсан зэрэг нь орон нутгийн хөгжил дэвшлийн чиг хандлагыг зөвөөр тодорхойлоход их л төвөгтэй байсан санагдана. Яг л үүрээ эвдлүүлсэн шоргоолз шиг үймсэн үе билээ. Гэхдээ аймаг, сумдын нөхцөлд яаж бие даасан байдлаа эдийн засгийн ба улс төрийн талаар хангах зөв чиглэлээ олох вэ гэдэгт л хэргийн учир оршин байв.Хамгийн гол нь хоосон сөргөлдөөний оронд хурлын байгууллага бүхий л шатанд засгийн газрын бие төлөөлөгч Засаг даргатай намтар, тэр үеийн төсөв бэрхшээлүүдээс нэгийг нь ч бол гэтлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан гэж хэлж болох байхаа. Золоор аймгийн төвөө эрчим хүчний гачаалаас гаргачихсан байсан болохоор сумдаас ээлж дараатай төвийн системтэй холбох, тарж бутарсан аж ахуйн нэгжүүдийг шинээр компани, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй байгуулахад нь тусалж дэмжих, шаардлагатай эрх зүй орчин бүрдүүлэх, сумдын иргэдийн хурлыг төлөвшүүлэхэд анхаарах, өмч хувьчлалыг зөв явуулах, гэмт хэрэгэ зөрчлийг бууруулах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах, байгалийн бэрхшээлд цөхөрсөн малчдад гадаад, дотоодын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэгт аймгийн хурал анхаарлаа хандуулж байлаа.
1991-2000 он хүртлэх аймаг удирдах миний оролцсон 10 жил өнөөгийн өөрчлөлтөнд хүрэхэд эхлэлийн үе, хуучнаас шинэ нөхцөл байдалд шилжихэд хамгийн бэрхшээлтэй үе байсан гэхэд хэн ч маргахгүй байх. Бидний үеийнхэн аливаа ажлыг эрхлэхэд өөрөө гүйж, гуйж хүсэлт тавьдаггүй, албан ажлын санал дээрээс өгвөл энэ ажлыг яаж үр бүтээлтэй олонд өгөөжтэй гүйцэтгэх вэ гэдэг талаас нь бие сэтгэлээ зориулж зүтгэдэг байжээ. Яаран мэдэмхийрч захирах гэхээсээ орон нутгийн лядр өвгөгүүдийн саналыг сонсож, үгий нь цэгнэж эцэс нь зөв шийдвэр гаргахыг хичээж аливаа хов жив үгсэл хувилдаанаас ангид байж, эрхэлсэн ажлынхаа талаар мэдлэг чадвараа дээшлүүлэхийг эрмэлзэн, цаг хугацаатай уралдан ажлын хэрэгжилтэнд хариуцлагатай ханддаг байж дээ. Эдгээр чанарууд бол бидний дээд үеийнхэнд бүр ч илүү байсан юм.
Өнөөгийн нийгмийн дүр төрхийг ажиглаж байхад зарим удирдах хүмүүс хүнтэй ажиллах, удирдахуйн ухаанд суралцахын оронд сүр үзүүлэх, дарамтлах, шантаачлах үйлдлийг чухалчлан иргэдийг хохироодог давуулж хэлбэл удирдлагын удирдагч хүнд байж боломжгүй мунхаг арга Монголд бий болчихсон юмуу даа. Энэ нь дээд шатнаасаа эхтэй хоосон намчирхлаас үүдэлтэй гэдэг нь ч ойлгомжтой зүйл. Улс нийгэмд 40 гаруй жил хөдөлмөрлөж, 30 шахам жил удирдах ажил эрхэлсний хувьд залуу удирдлагад хандаж захихад даргалах гэж яархаасаа өмнө бусдыг сонсож сур гэж захиж бяцхан дурсамжаа дуусгая.
Номгон овогтой Донойн Адъяа