Асуулт: Та энэ албанд хэдэн жил ажиллаж байна. Таныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хамгийн олон удаа сонгогдсон төлөөлөгчдийн нэг гэдэг юм билээ. Хэдэн удаа сонгогдож, хэдэн жил төлөөлөгчөөр хуралд суув.
Хариулт: Би Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар 3 жил ажиллаж байна. Тиймээ. Би 1990 оны Ардчилсан сонгуулиас хойш 2008 оныг хүртэл 18 жил аймгийн хуралд төлөөлөгчөөр суусны 10 жилд нь Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, намын бүлгийн ахлагчаар сонгогдон, аймаг орон нутгийнхаа бодлого тодорхойлох шийдвэр гаргахад оролцож байсныгаа сонгогч иргэдийн итгэл хүндэтгэл гэж ойлгож явдаг билээ.
2008 оны сонгуулиар төрийн захиргааны албан тушаалтан аймгийн татварын хэлтсийн дарга байсан тул нэр дэвшихээс өөрөө татгалзсан. Намайг хол нутгийн хүн гэж үзэлгүйгээр говь нутгийн ард иргэд итгэл хүлээлгэн төлөөлөгчөөр 5 удаа сонгосонд сэтгэл өөдрөг, итгэл дүүрэн урам зоригтой ажиллаж амьдарч байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.
Асуулт: Ер нь ИТХ юу хийдэг, ямар ач холбогдолтой байгууллага вэ?
Хариулт: Сонирхолтой асуулт байна. Одоо ИТХ-ыг юу хийдэг байгууллага вэ гэж асуухаа больсон шүү. Харин чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг л асуудаг болсон. ИТХ юу хийх ёстойг Үндсэн хуулийн 62 дугаар зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад 50 шахам хуулиар заагаад өгчихсөн. Товчхон хэлэхэд бүх шатны хурал тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх үүрэгтэй шийдвэр гаргагч, бодлогоо боловсруулж хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байгууллага. Ач холбогдлын хувьд үнэхээр зөв чиг хандлагаар явбал ирээдүйтэй, төвлөрлийг сааруулах, эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржүүлэх, иргэд сонгогч ард түмнийхээ дуу хоолой болох, тэдний хүсэн хүлээсэн үр дүнг авч ирэх, орон нутгаа иргэд нь өөрсдөө бие даан хөгжүүлэх, шийдэх иргэдийн өөрсдийнх нь сонгосон төлөөлөгчөөр дамжуулан, тэр ч бүү хэл шууд өөрсдөө оролцож болох төлөөллийн байгууллага. Шууд утгаараа иргэдийн байгууллага байх ёстой. Онолчид үндсэн хуулийн байгууллага гэж хэлсэн нь бий. Ямар ч байсан төрийн, улс төрийн, олон нийтийн байгууллага биш, хэн нэгэн бүлэглэл хамт олны эрх ашгийг илэрхийлэгч эвсэл, холбоо биш.
Асуулт: Бид төрийн, төсвийн байгууллага гэж л ойлгодог. Биш юм байжээ. Тэгвэл 20 жилд үүргээ хэрхэн хэрэгжүүлж ирсэн. Хурал хэрхэн хөгжиж бэхжив, Хурлын хийсэн ажлын үр дүн нь энэ гээд хэлчих бүр заагаад өгчих зүйл байна уу.
Хариулт: Төсвөөс санхүүждэгийн хувьд төсвийн байгууллага, хурлын ажлын албаны ажилтнууд төрийн захиргааны албан хаагчид байдаг утгаараа төрийн байгууллага гэж ойлгож болох үндэслэл бий. Гэхдээ байгууллагыг чиг үүргээр нь тодорхойлох ёстой. Тус аймгийн тухайд бүх шатны хурлын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай биелүүлж ирсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл жил бүр төлөөлөгчиддөө хурал тэргүүлэгчид тайлангаа тавьж үнэлгээ авдаг юм. Хурал бүтэц бүрэлдэхүүн техник хэрэгсэл, ажиллах нөхцлийн хувьд зохих хэмжээнд бэхжиж байна. Амьдрал бодит байдлаас үзэхэд ИТХ нь 4 жил дутам төлөөлөгч нь шинэчлэгдэж байдаг учраас ИТХ-ыг аж ахуйн хувьд тохижуулж бэхжүүлэхээсээ илүүтэй, сум орон нутгийнхаа хөгжлийн бодлого, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлдээ илүүтэй анхаарч ирсэн байдал ажиглагддаг. Хурлын байгууллага аж ахуйн нэгж эсвэл дагнан нэг ажил эрхэлдэг төсвийн байгууллага биш болохоор манай хийсэн ажил гээд заачих юм байхгүй боловч аймаг сумдад бий болж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хөгжил дэвшил бүхэн нутгийн удирдлага түүний дотор бүх шатны хурлын оролцоогүйгээр бий болчихсон гэвэл үнэнд нийцэхгүй.
Энэ 20 жилийн орон нутгийн хөгжил ололт амжилт, алдаа дутагдал бүхэн ИТХ, Засаг даргын хамтын үйл ажиллагааны үр дүн гэж үзэхээс өөр арга байхгүй. Иймээс аймаг орны нүүр царай, ард иргэдийн амьдрал ахуйн байдал ямар байгаа нь нутгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой. Алдсан зүйл ч бий, авч хэрэгжүүлсэн үр дүнд хүргэсэн зүйл ч байгаа. Дүгнэж хэлбэл хөгжлийн төлөө бид тэмцэж байна.
Асуулт: Орон нутгийн хөгжилд төр засгийн бодлогын түвшинд мөн орон нутгийн түвшинд хамгийн их саад учруулж байгаа зүйл юу байна. Таны бодол.
Хариулт: Төвлөрөл хэвээрээ, орон нутгийн эрх хязгаарлагдмал чигээрээ дээрээ эрх мэдэлд бялуурч, доороо эрх мэдлээр ангаж цангаж дөнгөж амьсгалах төдий байгаа нь орон нутгийн хөгжилд хамгийн их саад учруулж байна.
Асуулт: Жишээлбэл юуг онцлож хэлмээр байна.
Хариулт: Ер нь орон нутгийн эрхийг өргөтгөх тухай ярихдаа бүх эрх мэдлийн тухай биш Монгол улс нэгдмэл улс гэдгийг ойлгон тодорхой асуудлаар л санал тавьж байгаа. Тухайлбал: Боловсрол эрүүл мэндийн салбарын төсөв зардал, хөрөнгө оруулалт их болон урсгал засвар, Төлөвлөгөө давж биелдэг томоохон орлогыг улсад төвлөрүүлж цаг хугацаа зардал чирэгдэл ихтэй төсвийн орлогод нөлөөлөл багатай орлогыг орон нутагт үлдээдэг, Хөрөнгө оруулалтыг ихэвчлэн улсын төсөв нэрээр УИХ шийддэг, Яамд бодлого биш аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсон, Сонгогчийн санал авахын тулд бэлэн мөнгө амлаж бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа зэрэг дээд түвшний үйл явц, түүнээс гадна УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байгаа тогтолцоо өнөөдрийн орон нутгийн хөгжилд саад тотгор болж байна.
Орон нутагт урсгал болон бараа ажил үйлчилгээний зардлыг хэтрүүлдэг, аймаг орон нутгийн хөгжлийн бодлгого зорилгогүйгээр санаанд орсноо хийхийг эрмэлздэг, иргэдийн оролцоог үгүйсгэдэг, төсвийн хараат байгаа үйл явцуудыг нэрлэж болох байна.
Төвлөрлийг сааруулах тухай олон жил ярьж байгаа боловч төвлөрөл эрх мэдэл улам бүр нэмэгдэж байна. Төсвийн тухай хуулиар олон асуудал шийдэгдэнэ гэж горьдож байсан ч тэр санасны гарз боллоо. Ийм нөхцөлд орон нутаг өөрөө хөгжих бололцоогүй, бие даан асуудлаа шийднэ гэдэг үлгэр хэвээр үлдэж, НӨУЁс аажим аажмаар төрийн бодлогын хавсрага болох аюул нүүрлэж байна.
Асуулт: Таны хэлээд байгаа энэ аюул тэнцвэргүй байдлыг өөрчлөх ямар арга зам байна. Хэн шийдэх ёстой вэ?
Хариулт: Мэдээж УИХ шийднэ. Өөрчлөх арга зам нь дээр дурдсан саад тотгорыг арилгах явдал. УИХ өөрөө аж ахуйн газар шиг, Засгийн газрын үүргийг гүйцэтгэж Засгийн газраа ажиллах боломжоор хангахгүй байна шүү дээ. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг 76 гишүүн өөр өөрсдийн амлалтаа шингээх гэж дураараа өөрчлөн будаа болгож байна. Үүнд ямар ч бодлого зорилго ирээдүй стратеги алга байна. Ер нь УИХ хууль боловсруулж баталдаг томоохон бодлого гаргадаг үндсэн үүргээ биелүүлэх ёстой. Аж ахуй, төсөв зардал, хөрөнгө мөнгөнд хутгалдсан УИХ хэзээ ч эрх мэдлийн өөрчлөлт хийж төвлөрлийг сааруулж чадахгүй. Иймээс засаглалын эрх мэдлийн хувиарлалтыг эргэж харах шаардлага гарч магадгүй.
Асуулт: УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль хамт явах тухай асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ.
Хариулт: Би бол улс төрийн байр суурьнаас биш иргэдийн эрх ашиг, сонгууль шудрага явагдах талаас нь хамт явуулах боломж байхгүй гэж үздэг хүний нэг. Олон жил сонгуулийн ажилд оролцож явсаны хувьд хөдөө орон нутагт тойрог, хэсгийн хороод дээр санал авах асуудлаар будлиан гарах явдал бараг гардаггүй. Харин автоматжуулсан төхөөрөмж ажиллуулах болсон, будлиан гарсан гараагүй олонхийн санал авч чадаагүй улс төрийн аль ч хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөө больсон, сонгогч иргэдээ намаар талцуулж хагаралдуулах аюул орон нутагт хүчтэй нөлөөлөх болсон ер нь хүн хүндээ итгэхээ байсан ийм цаг үед 2 сонгуулийг хамт явуулбал ихээхэн хүндрэл гарах болно. Ер нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах хуулинд оруулсан өөрчлөлт нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл, өөрөөр хэлбэл хүний сонгох сонгогдох бүрэн эрхийг хязгааралсан, түүнд халдсан хэрэг мөн. Хууль гаргагч, хуулийг сахин биелүүлэхийг үлгэрлэх ёстой УИХ-ын гишүүд маань өөрсдөө хууль зөрчин ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. Өөр нэг хортой зүйл нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ач холбогдол нөлөөллийг бууруулж, УИХ-ын сонгуулийн хавсарга болгох улмаар орон нутгийн бие даасан байдлыг алдагдуулах аюул агуулсан том асуудал гэж үзэж байна. Манай сонгогчид олон жил сонгууль өгсөн хэдий ч нэг дор УИХ, аймгийн ИТХ, сумын хурал зэрэг 3 сонгуульд нэр дэвшигч цөөнгүй хүн бас намаас сонголт хийж, саналын хуудсаа зөв бөглөхөд бэрхшээл гарна. Цаг хугацаач их орно. Сонгуулийн хэсгүүдийн тооллогын дүн гарах явдал хугацааны хувьд зөрж /автоматжуулсан систем түргэн, орон нутгийн сонгуулийн дүнг гараар тоолох учир хугацаа их зарцуулах/, мэдээллэх асуудалд зөрчил гарах магадлалтай. Энэ нь хардлага сэрдлэгийг улам гүнзгийрүүлж үүнээс шалтгаалж ялагдагсад ямар нэг шалтаг шалтгаанаар сөрөг үр дагавар бий болох далим авчирна.
Асуулт: 20 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байна. Төлөвлөсөн ажилууд байгаа биз дээ.
Хариулт: Төлөвлөсөн ажил байнаа. 20 жилийн ой бол зөвхөн ИТХ-ын ой биш, нутгийн удирдлага бий болсны, орон нутаг асуудлаа өөрөө шийдэх үндэс суурь тавигдсаны, төвлөрлийг сааруулах, эрх мэдлийн хувиарлалтыг хөндсөн ой болох төдийгүй, НӨУЁсыг хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн 1990 оноос хойших 6 удаагийн сонгуулиар сонгогдсон олон арван төлөөлөгчид, хурлын дарга ажлын албаны ажилтнууд, сумын засаг дарга, орлогч, ЗДТГ-ын дарга, ажилтнууд, багийн ИНХ-ын дарга, багийн засаг дарга зэрэг хэдэн зуу, мянга мянган хүмүүсийн баяр болно. Ийм учраас аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан комисс томилогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 2011 оны жилийн эцэст болсон 10 дугаар хуралдаанаас 2012 оныг орон нутагт сайн засаглалыг төлөвшүүлэх он болгох зорилт дэвшүүлсэн. Онол практикийн бага хурал зохион байгуулна. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан бүх хүмүүсдээ баярын мэндчилгээ дэвшүүлж ил захидал явуулна. Аймгийн хэмжээнд эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, тенисний томоохон тэмцээн зохион байгуулна. Ардын дуу дуулаачдын аврага шалгаруулах уралдаан зохион байгуулна. Баярын хурал хийж орон нутгийн удирдлагыг бэхжүүлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсээ шагнаж урамшуулахаар тодорхойлолт материалыг аваад байна. Баярын концерт бэлтгэж, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна. “Нутгийн удирдлагын товчоон” ном гаргаж, нутгийн удирдлагын сэтгүүлийн нэг дугаар захиалан хийлгэхээр шийдвэрлэсэн, аймгийн сонины нэг дугаар авч, орон нутгийн радио телевизийн нэвтрүүлэг явуулах зэрэг цөөнгүй ажил хийх болно.
Асуулт: Олон ажил хэмжээнүүд зохион байгуулах юм байна. 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж сонгогчид ард иргэддээ хандаж юу хэлмээр байна.
Хариулт: Нутгийн удирдлагын 20 жилийн ойн мэндчилгээг аймгийнхаа нийт ард иргэдэд хүргэж ажил үйлс тань бүтэмжтэй, амжилт бүтээл арвинтай, арван цагаан буян тань дэлгэрч аз жаргалаар бялхаж эрүүл энх байхын ерөөл өргөе.
Та бидэнд ирээдүй байна. Тансаг сайхан тал нутаг байна. Таван эрдэнэ болсон мал сүрэг байна. Үзэсгэлэн төгөлдөр байгаль эх байна. Үнэт эрдэнэсийн нөөц баялаг байна. Оюутай толгойгоор биш, Оюунтай толгойгоор өрсөлдөж шудрага хөдөлмөрөөр уралдан өөрийнхөө төлөө өөрөө тэмцэж бусдыг хялаахгүй, буяныг бузарлахгүй хэнээс ч дутахгүй хүний ёсоор сэтгэл өөдрөг итгэл дүүрэн ажиллаж амьдарцгаая. Энэ бол миний хэлэх үг. Баярлалаа, Баяртай.