АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2000-2004 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000-2004 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит гуравдахь удаагийн сонгууль 2000 оны намар болж нэрсийн жагсаалтад бичигдсэн 25,7 мянган сонгогчдын 70,3 % нь оролцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид МАХН-аас 30, АХ-эвсэлээс 30, Эх орон-МАШСН-аас 6, бие даагч 2 нэр дэвшигчид өрсөлдсөнөөс МАХН-аас нэр дэвшсэн 20, АХ-эвсэл-10 нэр дэвшигч сонгогдсон байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гурав дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, Тэргүүлэгчдийн даргаар С.Үржин, Тэргүүлэгчээр С.Үржин, М.Баянсан, Д.Базардарь, Х.Цэнд-Аюуш, Ш.Батсүх, Л.Цэвээнравдан, Л.Өлзий-Отгон, А.Хатантөмөр, С.Пүрэвсүрэн нарыг сонгон аймгийн Засаг даргад Ж.Адъяагийн нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилсан байна. Аймгийн ИТХ-ын гурав дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны даргаар Эрдэнэдалай сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Цэвээнравдан, нарийн бичгийн даргаар Дэлгэрхангай сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Оюунбаяр нар сонгогдон хуралдааныг удирдан явуулсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчид орон тооны ажлын албатай болсон ба ажлын албаны даргаар Ц.Бямба-Очир, ахлах ажилтнаар Ц.Сугир, ажилтнаар С.Адъяабаатар, орон нутгийн өмчийн ажилтнаар Ч.Цэрэндорж жолоочоор Д.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан.